Mэдээ, мэдээлэл

"ЦУСНЫ ДОНОРЫН ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЭЖ, 17 ЛИТР ЦУС ХАНДИВЛАЛАА

Цусны донорын үндэсний өдөр”-ийг жил бүрийн 01 дүгээр сарын 03-ны өдрөөр товлон, сайн дураараа цус хандивлах хүмүүнлэгийн ажил зохион байгуулагддаг уламжлалтай.

 

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын уриалгаар, Ажлын алба, хороод, ЗДТГ-ын харъяа хэлтсүүдээс 40 гаруй хүн тус аянд нэгдэж, 4 цагийн хугацаанд 17,200л цус хандивлалаа.

uploaded picture

 Энэ үеэр бид мэргэжлийн эмчээс дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.


ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН

“ДОНОР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСАГ”-ИЙН ИХ ЭМЧ Д.НАРАНХҮҮ: 

 

-Аливаа улс орны эрүүл мэндийн байгууллагад өдөр тутам цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага тогтмол үүсч байдаг. Манай улсад энэ хангалтын цикл ямар байдлаар өрнөж байна вэ. Иргэд яагаад донор болох шаардлатай байдаг талаар мэдээлэл өгнө үү?

 

-Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дотоод хэрэгцээнд цус цуглуулах хэрэгцээ шаардлага өндөр байдаг. Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед, жирэмсэн эхчүүд төрөх үед, гэмтэл осол, бусад мэс заслын үед цусыг их хэмжээгээр сэлбэх хэрэгцээ шаардлага үүсдэг учраас мэргэжлийн байгууллага цусыг цуглуулдаг. Манай улсын тухайд өдөрт 150-200 донороос цус цуглуулахад тухайн өдрийн цусны хэрэгцээг бүрэн хангадаг. Гэвч ковидын халдвар тархсан өнгөрсөн хоёр жил цусаа өгөх иргэдийн тоо багассан судалгаа бий. Харин 2022 онд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа бэлэглэсэн донорын тоо 2021 оныхоос 10%-иар өссөн үзүүлэлттэй. 2022 онд давхардсан тоогоор 32,950 донороос цус цуглуулсан байна.

uploaded picture


Тэгвэл Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албатай хамтран өнөөдөр 2023 онд явуулын хэлбэрээр цус цуглуулах анхны ажлаа зохион байгууллаа. ИТХ-ын даргын уриалгад нэгдсэн төрийн албан хаагчдаас одоогийн байдлаар /11:00 цагт/ 40 орчим донор цусаа бэлэглээд байна. Энэ дашрамд бидний ажлыг дэмжин хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, цусны нөөц бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй танай байгууллага болон, эрхэм донорууддаа талархал илэрхийлье.

 

-Ховор буюу олдоц байгатай бүлгийн цусны нөөцийг хэрхэн бүрдүүлдэг вэ?

 

-Цусны нөөц бүлгээсээ хамаарч багасах тохиолдол байдаг. Жишээлбэл хүн амын дунд 4, 2-р бүлгийн цустай хүмүүсийн эзлэх хувь бага. Тиймээс бид доноруудтайгаа эргэх холбоотой ажиллах, шинээр донор нэмэгдүүлэх маркетингийн ажлуудаа ч орхигдуулахгүй хийж явдаг.

uploaded picture

-Ямар тохиолдолд донороос хасдаг вэ?

 

-Хоёр төрлийн шалтгаантай. Түр хасах, бүр хасах тохиолдол бий. Энэ нь бас хэд хэдэн шалтгаантай. Тухайн хүн ямар нэгэн эмийн бодис хэрэглэсэн бол, эмэгтэй донорын хувьд сарын тэмдэг нь ирсэн, эсвэл ямар нэгэн зовиуртай, ханиад хүрсэн байвал тухайн өдөр донорыг түр хасч, өөрт байгаа зовиур шаналгаа арилсны дараа цусаа өгч болохыг зөвлөдөг. Түүнчлэн донорыг цус өгөхийг бүр мөсөн хориглосон заалт бий. Энэ нь ихэвчлэн өвчний шалтгаанаар... Элэгний вирусууд, сүрьеэ, хортой, хоргүй хавдраар өвдөж байсан бол бүр мөсөн цусаа өгч болохгүй заалттай.

uploaded picture

 -Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвчилсөн иргэд өөрийгөө донор болж чадах уу гэж эргэлзэх тохиолдол байна.

 

-Донорыг сонгон шалгаруулах тухай Эрүүл мэндийн сайдын 373 дугаар тушаалд “Иргэн коронавируст халдвар /Ковид-19/-аар өвчлөөд эдгэснээс хойш 1 сарын дараа цусаа өгч болно” гэсэн заалттай. Тиймээс иргэн та ковидоор өвдөөд эдгэсэн, түүнээс хойш 1 сар өнгөрсөн бол цусаа өгч болно.

uploaded picture

uploaded pictureuploaded picture

Ярилцсанд баярлалаа.

ХМА Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг.

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.