Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 24, 25, 28 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 24, 25, 28 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД ЗӨВЛӨЛДӨХ  УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2021-2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, 2023 оны ажлын төлөвлөгөөнд иргэдийн санал хүсэлтийг тусгах зорилгоор зохион байгуулж буй зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр 24, 25, 28 дугаар хорооны иргэд идэвхтэй хамрагдлаа.

uploaded picture

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 24 ДҮГЭЭР ХОРОО:

Уулзалт хэлэлцүүлэгт ДИТХ-д 24 дүгээр хорооноос сонгогдсон Төлөөлөгч Ч.Чойдог, хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламрагчаа, ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Б.Уянга, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Д.Сэргэлэнбат, М.Энхтүвшин нарын албан хаагчид оролцож, иргэдийг мэдээллээр ханган ажиллав.

uploaded picture


ДИТХ-ын Төлөөлөгч Ч.Чойдог:

 uploaded picture


Тэрээр уулзалт хэлэлцүүлгийг нээж, төлөөлөгчийн хувиар 2021-2022 онд тус хороонд хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулан, 2023 оны бүтээн байгуулалтын ажилд иргэдээс бичгээр болон аман санал авахаа мэдэгдсэн юм. Түүнчлэн 2023 онд 24 дүгээр хорооны Алтай хотхонд хийх ажлын саналыг танилцууллаа. Түүнчлэн хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламрагчаа танилцуулга, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.

 

Ахмадын хорооны дарга Д.Маахүүхэн:

“Хорооноос ахмадууддаа өрөө гаргаж өгсөнд баярлалаа. Төлөөлөгч маань тохижилтод нь анхаарч өгөөрэй. Ахмадуудад чийрэгжүүлэлтийн танхим хэрэгтэй байна. Чөлөөт цагаа өнгөрөөх байртай болгож өгнө үү” гэв.

 

Хорооны 2 дугаар байр, Рийч апартмент СӨХ-ийн төлөөлөл Р.Мөнхжаргал: “Манай байрнаас төв зам руу ордог хэсэгт маш их ус тогтдог. Вилла дом СӨХ, Хороо, СӨХ хамтарч хэд хэдэн удаа усыг соруулсан. Хойшид хэрхэн ямар байдлаар шийдэх вэ гэдэгт гарц гаргалгаа хайж байна. Усыг шингээх, эсвэл Дунд гол руу хоолойгоор явуулах арга байна уу. 50 дугаар байр ашиглалтад орж, өөр гарцаар зорчих боломж байгаа ч хэт нарийн байна” гэсэн юм.

 

Төлөөлөгч Ч.Чойдог: “Ус зайлуулах гурван гарц байгаа. Дунд гол руу хоолойгоор урсгах, тогтоол хэсэгт гүнзгий нүх ухаж усыг шингээх, эсвэл замын түвшинг өндөрсгөж асфальт болгох. Мөн Туушин ХХК-ын агуулахын дээврээс маш их ус орж ирдэг. Ирэх онд эрчимтэй хөөцөлдөж энэ асуудлыг шийдвэрлэнэ. Дүүргийн тохижилтын хэлтсийнхэнтэй ярьсан. Мод боловсруулах үйлдвэрийн замтай шууд холбох, аж ахуйн нэгжтэй тохиролцох боломжтой...” зэрэг хариултуудыг өглөө.

 

uploaded picture

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 25, 28 ДУГААР ХОРОО:

Уулзалт хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн 25-р хорооноос ДИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Б.Ганчулуун, хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Орхонтуяа, 28 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанцэцэг, ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн н.Ганболд, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн С.Ганболд нарын албан хаагчид оролцлоо.

ДИТХ-ын Төлөөлөгч Б.Ганчулуун:

uploaded picture“Дүүргийн ОНХС-аас Голден 1 хотхоны 102 дугаар байрны цахилгаан шатны лифтийг 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан. Голден парк хотхоны арын гаржуудыг буулгаж явган хүний зам, автомашины зогсоол байгуулсан. “Сод” төвийн урд хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгон шинэчилсэн гэх зэрэг олон ажлууд манай хороонд хийгдсэн” гээд 2023 онд төлөвлөгдсөн ажлуудыг танилцууллаа. Үүнд:

Улсын төсвөөр:

Голден 1 хотхоны хүүхдийн тоглоомын талбай хийгдэх ажил 100 сая төгрөг

Голдон 2 хотхоны 301 дүгээр байрны лифт шинэчлэлт он дамжиж ашиглалтанд орно.

Голдон 1 хотхоны 104 дүгээр байрны 1 лифт шинэчлэл нь он дамжиж ашиглалтанд орно гээд “Манай хороонд хог ачилтын асуудал их хүнд байна. Ангилан ялгах савтай болмоор байна” гэв.

 

Тохижилтын хэлтсийн мэргэжилтэн н.Ганболд:

 

“Хог тээвэрлэлттэй холбоотой санал хүсэлтүүд маш их байна. Дүүргийн хэмжээнд “Баянгол Шинэ өргөө тохижилт үйлчилгээний компани” дангаараа хог ачилт хийдэг. Сүүлийн үед парк шинэчлэлт хийгдээгүйгээс өнөөдрийн хэмжээнд хүрсэн байна. Тиймээс 2023 онд тус байгууллага дээр нэмээд, тендер зарлаж хувийн хэвшлээс татан ажиллуулах бодлого барьж байна. Хог ачилтын рейс 7 хоногт 2 байсан бол 3 болгож, шөнийн тээвэрлэлт хийнэ. Түүнчлэн хогийг ангилан ялгах савтай болгож, ялгах цэгийн байршлыг хороо, СӨХ-той зөвшилцөн шийдвэрлэнэ” гэв.

uploaded picture

 

25-р хорооны дарга Б.Орхонтуяа, 28-р хорооны дарга Д.Алтанцэцэг нар “Иргэдтэйгээ ойр, санал хүсэлтийг сонсож ажилладаг. Хорооны иргэд ч бидний ажилд идэвх санаачлагатай оролцож, чамгүй амжилтуудыг гаргаж байна. Жишээ нь: Ахмадын урлагын үзлэгт баг маань амжилт гаргаж, дараагийн шатанд оролцох болсон. Мөн ИТХ-ын даргын нэрэмжит шатарын тэмцээнд 28-р хорооны иргэн Б.Ганбат тэргүүн байр эзэлсэн” гэв. Иргэдээс хорооны нутаг дэвсгэрт гэрэлтүүлэг нэмэх, хяналтын камер суурилуулах шаардлагатай талаар санал хэллээ.

 uploaded picture

 

 

 

 

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.