Mэдээ, мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Өнөөдөр Улс тунхагласны баярын 97 жилийн ой тохиож байна.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол Улсын түүхэнд тохиосон онцгой үйл явдал юм.

Туурга тусгаар Монгол улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршдог. Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан ард түмний өмч болохыг зарлаж байжээ.

Түүнчлэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, Ази тивд анх удаа Монгол Улсын эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх нөхцөлийг хангаж өгсөн юм.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон.

Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь зарчмууд энэ цаг үеэс бүрэлдэж эхэлсэн.

Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн эл өдрийг Монгол хүн бүр бахархан тэмдэглэх учиртай.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.