Mэдээ, мэдээлэл

"Баянгол усанд сэлэлтийн клуб"-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо

Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төвийн "Баянгол усанд сэлэлтийн клуб"-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээг дүүргийн иргэдийн Хурлын дэд дарга Г.Мөнхсайхан нээж хэлсэн үгэндээ "Энэ сайхан ордноос амжилтын оргил болсон энэ газраас олимпын олон тамирчин төрж, хүүхэд залуус шуугисан спортын их талбар болно гэдэгт итгэлтэй байна. Баг тамирчид усан спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэндээ амжилт хүсье. Дүүргийн ИТХ-аас боломжит хэлбэрээр дэмжин ажиллах болно" хэмээн хэллээ.
Энэхүү арга хэмжээнд Нийслэл, дүүргийн Төлөөлөгчид, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга болон албаны бусад хүмүүс, спортын тамирчид, усан спорт сонирхогч залуус оролцов.

Клубийн туг байршуулах хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хамгийн залуу тамирчин, ахмад тамирчид үзүүлэх сургалтууд хийж, Онцгой байдлын аврах баг мэндчилгээ дэвшүүллээ.

Баянгол дүүргийн усан спорт, сургалтын төв 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Амралт, чөлөөт цаг, нийтийн эрүүл мэндэд зориулсан биеийн тамирын цогцолбор юм. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, үйлдвэрийн 1, 2-р байранд үйл ажиллагагаа жигдрүүлж буй бөгөөд, усанд сэлэлт, сагсан бөмбөг, гар бөмбөг, чөлөөт жүдо бөх, таеквондо, бокс зэрэг спортын олон төрлүүдээр сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг.
Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн даргаар дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Эрхэмбаярын Миеэгомбо томилогдон ажиллаж байна.
Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь олон төрлийн спортын сургалт, бэлтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, спорт сонирхогч болон хичээллэгчдийн эрх ашигт нийцсэн аливаа үйл ажиллагааг дүрмийн хүрээнд явуулах, олон нийтийн оролцоог дэмжих, төрийн бус байгууллагууд, гадаадын хуулийн этгээдтэй хамтран ажиллах зорилгоор тэмцээн уралдааныг зохион байгуулж, идэвхтэй хөдөлгөөнөөр хангахад оршино.

Үйлдвэрийн газрын 1-р байр буюу хуучин байр нь 25 метрийн урттай хоёр зам бүхий усан сан, фитнес, мөн задгай сагсан бөмбөгийн талбайтай бөгөөд Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, "Эрдмийн ундраа" 78 дугаар сургуулийн хашаанд байрладаг.

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.