Mэдээ, мэдээлэл

БАЯНГОЛ ДҮҮРЭГ Н.ЦЭРЭННОРОВЫН НЭРЭМЖИТ ГУДАМЖТАЙ БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРЭГ Н.ЦЭРЭННОРОВЫН НЭРЭМЖИТ ГУДАМЖТАЙ БОЛЛОО


Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга Г.Мөнхсайхан, ДИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар өнөөдөр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын Нэгдүгээр орлогч дарга асан Наваанжамбын Цэрэнноров агсны нэрээр гудамж нэршүүлэх тухай Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 25 дугаар тоот тогтоолыг тус байгууллагын удирдлага, ар гэрийнхэнд гардууллаа. 

uploaded picture

 Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Өнөөдөр та бид нэгэн түүхт шийдвэрийн гэрч болж байна. 2021 оны 05-р сарын 25-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар Улаанбаатар төмөр замын удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж дараах ач холбогдлуудыг харгалзан, холбогдох тогтоолыг гаргаад байна.


uploaded picture


Үүнд: Дүүргийн өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, залуу хойш үедээ түүх үлдээсэн алдар гавьяатнаа дурсах, өв үлдээх ач холбогдлыг эрэмбэлэн тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар энэ тогтоолыг баталсан. 

1962-1985 он хүртэл Улаанбаатар төмөр замын орлогч даргаар тасралтгүй 23 жил ажиллаж Монгол Улсын Төмөр замын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хөгжлийн он жилүүдэд төмөр замчдаа мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган, байгууллагынхаа үйл хэргийг бүхий л түвшинд бэхжүүлэн, хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Наваанжамбын Цэрэнноров агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж үе үеийн төмөр замчид бахархаж дурссаар иржээ. Энэ гавьяат хүний үйл хэргийг алдаршуулж, алдар нэрээр нь зохих гудамжийг нэршүүлэх болсондоо баяртай байна. Үе үеийн төмөр замчид, удирдлагуудад нь, ар гэрийнхэнд нь гүн хүндэтгэл үзүүлж, баяр хүргэе” гэв.


 Улаанбаатар төмөр замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар: “Төмөр замчдын өв соёл, бахархлыг мөнхжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх чиглэлээр манай байгууллага сүүлийн жилүүдэд нэлээд ажил хийсэн. Мөн үүнтэй холбогдуулан өнөөдрийн гарсан шийдвэрийг ажил хэрэг болгох тал дээр Нийслэл, дүүргийн удирдлагуудад удаа дараа хандаж байлаа. Улаанбаатар төмөр зам бол Орос Монголын найрамдлын билэгдлийн дархан хилийг манаж байгаа байгууллага. Энэ түүхт байгууллагыг тасралтгүй 23 жил удирдсан эгэл малчны хүүгийн эгэлгүй гавьяаг, хөдөлмөр зүтгэлээрээ дэлхийн зам, тээврийн салбарын хөгжлийг Монголд нутагшуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Бид энэ гавьяатныхаа хөшөөг урьд өмнө Төмөр замын удирдах газартаа байгуулж байлаа. Өнөөдөр нэрэмжит гудамжтай болж, хойшид үлгэр жишээчээр тохижуулан, энэ гудамжаар алхаж буй хүн бүр төмөр замчдын яруу алдраар бахархах, төмөр замчдын хөдөлмөр зүтгэлд хүндэтгэлтэй хандахад онцгой үүрэгтэй ажил эхлүүллээ гэж дүгнэж байна. Дүүргийн ИТХ-ын  дарга Б.Сэмжидмаа танд болон тэргүүлэгчиддээ баярлалаа.


uploaded picture


ДИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар:

Н.Цэрэнноров агсныг алдаршуулах, гудамжийг нэршүүлэх хүсэлтэд бид ултай суурьтай хандаж, судалсан. Улаанбаатар төмөр замыг өнөөдрийн энэ түвшинд хүргэхэд ухамсарт амьдралаа зориулсан түүхэн гавьяатай хүн. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж дүүргийн Засаг даргын тамгын газраас гудамж нэршүүлэх, тохижуулах ажилд бодит хувь нэмрээ оруулан хамтран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна. Энэ хүний бүтээн байгуулсан нөр их хөдөлмөр өнөөдөр Монгол улсын эдийн засгийн эргэлтэд асар өндөр үүрэг гүйцэтгэж байна. 2016 онд УБ төмөр зам 19,8 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол, 2020 онд 30 сая тонн ачаа тээвэрлэсэн. 2015 онд онд 73 ширхэг чингэлэгийн галт тэрэг ажиллуулж байсан бол 2020 онд 2312 болж өссөн зэрэг Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулж буй Төмөр замын үүрэг, түүнийг бэхжүүлэх үйлсэд энэ хүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй учраас бид өнөөдөр энэ арга хэмжээг ёслол төгөлдөр зарлаж байна.


uploaded picture


 Авга дүү Д.Ренчинханд: Ах маань Дарьгангын тал нутгийн жирийн малчин, дээд удам угсаа нь Даргангын бага гарын ноён Ренцэнгийн удам Жамсран тайжийн ач хүү. Монголын төмөр замыг 23 жил удирдахдаа хүн тээвэр, ачаа тээврийн цагийг 1 секунд ч алдалгүй ажиллаж чадсан өвөг дээдсээсээ удирдан зохион байгуулах, олноо манлайлах ур чадварыг өвлөн түүчээлсэн удирдагч байсан юм. Монголын Төмөр замын байгууллагын санаачилгаар авга ахын маань нэрээр гудамжийг нэршүүлэх болсонд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс, гэр  бүл, ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


uploaded picture


Хань Б.Мөнхцэцэг:

ХҮНИЙ ҮГ, ҮЙЛ ҮЛДДЭГ ЮМ БАЙНА

Та ханийнхаа тухай дурсамжаа хуваалцахгүй юу?

-Миний хань 1958 онд Москвагийн Төмөр замын дээд сургууль төгсөж ирээд Төмөр замд слесарь, туслах машинист, механик, инженер рестачикаар ажиллаж байгаад Засварын депогийн хамгийн анхны Монгол дарга болж байлаа.

1962 оны 9 сард Улаанбаатар төмөр замын Монгол талын 1-р орлогч даргаар ажиллаж эхэлсэн.

Энэ хугацаанд төмөр замын хамаг л ажлыг хариуцаж ажилласан даа. Монгол улсын нэр төрийг хамгаалах, гадаад улсуудтай гэрээ хэлэлцээр хийх, замаа засах, сэлбэх гээд ер нь ороогүй ажил гэж байхгүй. Тухайлбал Герман улстай хэлэлцээр хийж суудлыг вагон захиалж авчирж байсан хүн Баян буурал, Булагтай амралт сувиллын газрыг байгуулж, ус муутай говь төмөр замаар ус зөөх, тэр ч бүү хэл замчиддаа талх барих аргыг ч заалгаж  явсан. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ажлыг их, бага гэж ялгаж гээхгүй хийдэг дарга байлаа.


uploaded picture

-Тэр үеийн байгууллагын удирдлагууд зөвхөн байгууллагаараа тогтохгүй маш олон салбарт сонгууль ажилтай байсан байх. Таны ханийн тухайд?

-Миний хань байгууллагаа гардан удирдахын зэрэгцээ АИХ-д хоёр удаа депутатаар сонгогдож МАХН-ын 14-өөс 17-р их хуралд төлөөлөгчөөр сууж байлаа. Мөн Намын төв хорооны Бүгд хурлын орлогч гишүүн, шалган байцаах комиссоор ажиллаж байсан.

-Таны ханийн мартагдашгүй сайхан зан чанар юу вэ?

-Хүн бүрт байдаг хамгийн сайн чанар миний ханьд байсан юм шүү. Шударга хүн байлаа. Төмөр замчид нь “Манай Цэрэнноров дарга хэлснээ заавал ажил хэрэг болгодог” гэдэгсэн. 1986 онд Москвад Худалдааны Төлөөлөгчийн газарт ажиллах болсон. Тэр ард нь ажилтнууд нь маш их үгүйлж байснаа ярьдаг байлаа. Сайн хүний үйл хэргийг түүх мартдаггүй юм байна гэж бахархаж сууна даа өнөөдөр.  Миний хань тэнгэрт дэвшээд олон жил болж байгаа ч түүний минь хөдөлмөр зүтгэл, бүтээл үйлсийг мөнхжүүлж, үе үеийн төмөр замчдын бахархан дуурайх үлгэрлэл нь болгох санаачилгыг ажил амьдралынхаа алтан он жилүүдийг зориулж өнгөрүүлсэн Баянгол дүүрэг, Монголын төмөр замчид зохион байгуулж буйд маш их баяртай. Та бүхэнд гүн талархал илэрхийлье.


uploaded picture


Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг

Хуваалцах:
© 2021 Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.